Wednesday, March 23, 2016

Жагаа ахын бичсэнийг сонирхуулхад...


Ном уншдаггүй хүнтэй хэзээ ч гэрлэж болохгүй. Яагаад? Яагаад гэвэл тэр чамайг үргэлж амьдын тамд байлгана. Ном уншдаггүй хүн маш мулгуу нэгэн байдаг. Мулгуу хүн залхуу, хармаа хоосон, аливааг ухаж ойлгох чадвар муу, эдийн шуналтай, уур омог ихтэй, үйл хөдлөл үг хэлээрээ үргэлж хүний дургүй хүргэдэг, бие сэтгэлээрээ эрүүл бус, хүний ач тусыг хэзээ ч боддоггүй, бусдын муу нөлөөнд автамхай, амьдралын зорилгогүй, улс орондоо болон гэр бүлдээ хийсэн бүтээсэн зүйлгүй олон муу зуршлын нийлбэр болсон, сэтгэлийн болоод бие бялдарын хатгүй, ходоод болон бэлгийн таашаал хоёртоо хамаг цаг заваа зориулдаг, худлаа үнэн ярьсан нэгэн байдаг юм.
Тэгэхээр ном уншдаггүй хүнтэй хэзээ ч ханилж сууж болохгүй болж таарч байна. Хэрэв та тийм хүнтэй заяа холбосон бол насны залуу, цусны шингэн дээр салах хэрэгтэй. Олдсон ганцхан насаа тамд өнгөрөөх хэрэггүй. Тэртэй тэргүй үхсэн хойноо там, диваажин хоёрын аль нэгэнд очихоос хойш. Ганц л олдох насандаа хүн аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Тэнэг хүний үгийг сонсон бачимдаж, үйл хөдлөлийг нь харан дургүйцэж, хараал зүхлийг нь сонсон гуниглаж, зодуурыг нь амсан дальдчиж, хоосон хармааг нь сэгсрэн гасалж, хоолтой хүний хоолыг харан шүлсээ залгиж, хайр халамжаар дутан ганихарч суух хэрэггүй юм. Ийм хүнтэй та л өөрөө очоод наалдчихдаг болохоос биш өөр хүн таныг түүүнтэй цавуугаар наачихдаггүй.
 
Тэгэхээр та зовлонг биш аз жаргалыг нь сонгох хэрэгтэй гэсэн үг. Сонголтоо зөв хийх хэрэгтэй гэсэн үг. Сурч байхдаа мэргэжлийн номоо уншдаггүй байсан хүн ур чадвар муутай мэргэжилтэн болж төгсөнө, тэгвэл тэр ур чадвар муутай мэргэжилтэн таны цалин багатай ажил хийх болно, цалин багатай ажил хийж олсон мөнгөөрөө таны болон өөрийнхөө хэрэгцээг хангах мөнгийг олж чадахгүй нь лавтай. Хайр дурлалын тухай ном уншдаггүй хүн таныг хайрлаад хэвтэж байх уу. Тийм хүн таныг гарцаагүй хайраар дутааж, хараар бялхуулж таарна. Тэр номноос амьдрах ухаан аваагүй тул мулгуу үг олныг хэлж таныг гомдооно. Ном уншдаггүй хүн танд сэтгэлийн, бэлгийн болон бусад ямар ч таашаал өгч чадахгүй. Ном уншдаггүй хүн үр хүүхдээ ухаалаг сайхан хүмүүжүүлэх боломжгүй. Ном уншдаггүй хүн ухвар мөчид байдаг учраас таныг болон үр хүүхдээ хайрлахгүй, хараан загнана. Тэр бүү хэл зодох нь энүүхэнд.
 
Ном уншдаггүй хүн хор хөнөөлийг нь ухаараад ойлгочих чадваргүй байдаг учраас архи, тамхи, авгай хүүхэн гээд аль муу муухай бүхнийг хэрэглэнэ. Үүнээсээ үүдээд худал үнэн ярьж өөрөө өөрөөсөө, өрх гэрээсээ хулгай хийнэ. Хүний сэтгэлийн утсыг хөндсөн сайхан зохиол ном уншдаггүй хүн ямар ч дотоод гоо зүйгүй л байж таарна. Тэр хэрээрээ ч бүдүүлэг авир гаргадаг. Хүн эцэг эхээс мэдлэгтэй төрчихдөггүй. Хэн өөрийгөө маргаашийн амьдралд боловсруулан бэлдэж чадна тэр хүн мөнгөтэй, гэр бүлтэй, хамт олонтой, бизнестэй байна. Хэн мэргэжлийн номоо сайн уншиж, мэргэжлээ сайн эзэмшсэн байна, тэр чадварлаг мэргэжилтэн болно, хэн их олон ном уншиж судалсан байна, тэр амьдрах ухаантай байна.
 
Мэргэжлээ сайн эзэмшээгүй бол цалин багатай ажил хийнэ, эсвэл ажилгүй гудамж метрлэнэ, ном уншиж, аливаа юмны наад цаадхыг харьцуулж сураагүй хүн амьдрах ухаанд суралцаагүй байдаг. Ийм хүн хань ижил, хамт олонтойгоо хэрэлдэж, маргалдан улмаар ажлаа орхих, авгайгаа солих нь түгээмэл. Хүн болж төрчихөөд ном уншиж юм бүтээж оюуны таашаалтай амьдрахын оронд адгуус амьтан шиг ходоодны болон бэлгийн таашаалыг дээд жаргалд тооцож суудаг. Энэ бол ном уншдаггүй ухаан мулгуу хүний үндсэн дүр төрх юм. Өндөр цалин авах хүсэлтэй бол түүнд хүрэх мэдлэгийг хүн зөвхөн номноос л авдаг. Сурсан мэдсэнээ яаж мөнгө болгох, бусадтай хэрхэн зохицож ажиллах зэрэг амьдрах ухааныг хүн зөвхөн номноос л авдаг. Өөрөөр өмнөх ажлаа сайн хийгээд, өндөр цалин авч, сайн сайхан амьдрахад ном л хүнд тус болно. Зохиолын ном хэрэггүй, цагийн гарз гэж хүмүүс ойлгодог.
 
Гэтэл тийм номд гарч байгаа дүр нь хүнд яаж амьдарвал зөв, яаж амьдарвал бурууг ухааруулж, амьдрах ухаанаа хайрлаж байдаг. Утга зохиолын ном олныг уншсан хүн бол хүн бүртэй хэрхэн харьцахаа мэднэ. Тийм хүн хүнтэй харьцахдаа нас, хүйс, үзэл бодлыг нь хүртэл харгалзаж үзэж харьцдаг, өөрөөр хэлбэл хүний эвийг олдог. Тэр зохиолд гарч байгаа сайн муу талын олон дүрээр хүн амьдралын утга учрыг ойлгож, өөрийн амьдрал дээр алдааг нь давтахгүй, оноог нь хэрэглэж ухаалаг, зөв амьдардаг учиртай. Номоос хүн өвөг дээдсээ хүндлэх, үр ач, ах дүү, амраг ханиа хайрлах, бусдын арга эвийг олох, хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлэх, бусдын санаа бодлыг хэрхэн тааж мэдэх, ажил амьдралаа нийгэм, хамт олонтойгоо хэрхэн уялдуулах, өөрөө хэрхэн зөв амьдрах ухааныг олж байдаг. Тэнэг хүн өөрөө алдаж байж ухаардаг, ухаантай хүн бусдын алдаанаас суралцдаг гэдэг.
 
Эрдэмтэн мэргэд өвөг дээдэс маань алдаа оноогоо номонд бичээд үлдээчихсэн байхад бид өөрийн биеэрээ зовлон туулан байж амьдралыг ухаарах ёсгүй юм. Тэд бидний төлөө ном судраа үлдээжээ. Бид ч бас үр хүүхэд ач гучийнхаа алдаагүй амьдралын төлөө толгойгоо цэнэглэх учиртай юм. Номоос олдог мэдлэг бол зөвхөн ач гучид ч биш хүн болоод төрчихсөн бүх хүнд хэрэгтэй зүйл юм. Өөрийн амьдралаа зөв зохицуулж амьдрахад туслах гол туслагч нь ном юм. Ухааныг бусдаас, тэнгэрээс, бурханаас эрэх хэрэггүй. Бурхан багш хүртэл "Ухааныг зөвхөн өөрөөсөө эр.
 
Аврал өөрт л байдаг" гэсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Өөрөө л та юм уншиж байж зовлонгоос гарах арга замаа олно гэсэн үг юм. Хүн бүр өөрийн гэсэн ажил амьдралтай байдаг тул хэн ч танд туслах боломжгүй. Хүн аз жаргалтай амьдрах ухааныг номноос авах учиртай. Манай судлаачдын үзэж байгаагаар бол Монголд оюуны элитүүд бараг байдаггүй, үүнийг нь бидний буурай хөгжил гэрчилж байгаа юм гэж үзсэн байдаг. Тэгэхээр бид аз жаргалтай, зөв амьдрах ухааныг номоос л авах хэрэгтэй байна. Хэн их уншсан нь зорьсондоо саадгүй хүрч хэн бага уншсан нь өөрийгөө болон өрөөлийг зовоох гээд байна. Үүнийг л монголчууд бид ухамсарлачихвал өөртөө болон өрөөлд гай тарихгүй, мөрөөрөө амьдарч чадна.
 
Монголчууд оюуны чадвараараа дэлхийн 260 гаруй улсаас 25-д нь давхиж яваа. Оюуны чадамж гэж юу вэ? Энэ бол ном уншаад сайхан ойлгочихдог, тэндээс зөвийг нь авч, бурууг нь хаяж, тэр номоос олсон мэдлэгээрээ зөв, сайхан амьдрахыг хэлж байгаа хэрэг. Монголчууд бид оюун тархиндаа мэдлэг хийхгүй байна. Өөрөөр хэлбэл зүгээр ганган хувцаслаад, гудамжаар алхаж явахад нь хүний тархи толгойд нэг сайхан амттай талх хийх жор өөрөө ороод ирнэ гэж байхгүй.
 
Тэгэхээр яах вэ гэвэл номноос талх хийх жорыг нь олж уншаад, хоёр муу гараа жаахан залхууралгүй хөдөлгөчихвөл тэр хүн мөнгө олох нэг аргатай болоод явчихаж байгаа хэрэг болно. Хэрэв та аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсдэг бол заавал ном уншдаг хүнтэй гэрлэх хэрэгтэй гэдгийг хатуу санаж яв. Хүн хэр их ном уншина тэр хэрээр ухаалаг байдаг. Юмны эв дүйг олж байдаг. Хүнд байдлаас хохирол багатай гарч байдаг. Ном уншдаггүй хүн чинь л хүнд байдал тулгарлаа гэхэд аливаа юмыг олон талаас нь ухан бодож, ижил төстэй бусад үйл явдалтай харьцуулан харах чадваргүй байдаг.

Thursday, March 17, 2016

Даалууны гуншин.



ЁОЗ:
Ёгзолдоржийн хөдөөнөөс
Ёнзон хамбын гадаанаас
Цайны сүүний гуйлгачин
Цалам барьсан дээрэмчин
Хон хэрээний нүд
Хоёр нүдний дуран
Хойт хотын данжаад
БӨХӨӨН:
Өөхий бөөхий дөрөв
Өвчүү номин шаргал
Бөгжөө Сэнгийн хожуул
Бөхнөг түргэн гүйдэлтэй
дорниун хурдан шарга
Бөх нуман дөрөв
Бөөхий хотын данжаад
Бөх Лувсаншарав
ВАНД:
Вандан суудал
Зандан ширээ

УЛААН НАЙМ:
Наян жил насалсан
Намбигар улаан чавганц
САРЛАГ ДОЛОО:
Долоон уулын сарлаг
Догшин газрын савдаг
Мал малын зах
Манай сүргийн манлай
ДӨНГӨ НАЙМ:
Эрлүү дөнгө
Эрийн найз
Эхнэр хүүхэд
Гэрийн найз
Дөнгө биеийг чилээнэ
Дөрөө хөлийг чилээнэ
ҮҮЛҮҮ:
Үү хааны Лүү хаан
Үйзэн бэйсийн дамар толгойт
БАЖГАР:
Арсаг хааны Барсаг хаан
Амбан хааны яран нүүрт
ЧАНС:
Янаг хоолойн гуниг сэтгэл
Ясчин хятадын зөрүү зургаа
Чанасан будаа нохойн хоол
Чацага сайвар чонын гүйдэл
УЛААН ЕС:
Гавалмаа хүүхэн
Дэжидмаа охин
ЧАВГАНЦ НАЙМ:
Наян жил сувайрч
Жаран жил жаргасан
Жартгар улаан чавганц аа
Хүрээ орноо
Хүнтэй суунаа
Хүүхэд гарганаа
АДУУ НАЙМ:
Савар найм
Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далий найм
Давтаад хэлбэл тэмээ найм
ХУНД НАЙМ:
Гунжин хундын дайлаадас
Гурван нуурын цалгидас
Гуна гулгадаг
Гунж мөөрдөг
Дөрөө хангинадаг
Дөнж хальтардаг
Наян жил насалсан
Намбагар улаан чавганц
ГАВАЛ ЕС:
Улаан ес жовдуухай
Уулаар явдаг галуухай
Усанд явдаг жараахай
Улсын сангийн Буханхүу
ДЭГЭЭ ЕС:
Эгээ зүгээр явахаар
Эгмийн цагаан дэгээ
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэд Нүүрээ маажуул
Цагаан дэгээ машин хутгуур
Царид хааны маажгий гуталт
СИЙЛҮҮ АРАВ:
Сэмбэн нэртэй сийлүү
Бумбан нэртэй рашаан
Сэгэлзүүрийн бэгэлзүүр
Сэгэл Туулын бургас
Сэлээд бууны хугархай
Сэнж модны тайранхай
Сийчаа наачаа дүнхэр даалуу
Сийлэн бөөрийн ягаан яатуу
ХАР АРАВ:
Хар арав Хандын найз
Хандгай буга уулын найз
Ханд хүүхэн миний найз
ҮҮЛҮҮ:
Үгжиг түгжигийн бороохой
Үүлэн сүүдэр дайранхай
Хуутуу цэргийн жанжин
Хуаран цэргийн майхан
Хувин толгой магсар
Хувилгаан нэртэй даалуу
ДААЛУУ:
Хамбан эрээн даалуу
Хар мөрөнгийн жанжин
Энэ наадмын эзэн
Эрээн алаг даалуу

Tuesday, March 15, 2016

Агьт голын хүү.


Гомбожав /итгэл аврал хэмээх төвд үг/ 1906 онд Сайн ноён хан аймгийн Хөндлөн Мэргэн засгийн хошуу \одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сум\-ны Агьт хэмээх газар засаг ноён Мэргэн гүн Мөнх-Очирын хүү болон төрсөн. Эцэг нь Гомбожавыг угсаа залгамжлах агь учир багаас нь сайн багшид шавь оруулж эрдэм номд шамдуулан сургахыг хичээж Номч мэргэн бандид лам Тарва гэгээн Агваанчойнжуурдондов \1870-1927\-т шавь оруулжээ.
Нэрт номч багшийнхаа ачаар монгол бичиг, манж, төвд хэл, мөн хятад бичигт суралцаж, түүх шастир уншиж судалж байсан гэдэг. Гомбожавын багш Тарва гэгээн Агваанчойнжуурдондов Монгол даяар нэр алдар нь түгсэн эрдэмтэй, бичгийн их хүн байсан. 1921 онд Ардын хувьсгалын үр дүнд тогтсон шинэ төрийн удирдагчид шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэнг байгуулж Заваа Дамдин, Тарва бандид, Дандаа чинсан \Чимидийн Дэмчигдорж\ зэрэг бичгийн мэргэдийг ирж ажиллахыг урьж байжээ.
1923 онд Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн нэрт эрдэмтэн Цэвээн Жамсран Тарва бандидын өргөөнд тусгайлан айлчилж дээрх урилгыг гардуулах ялдамд ард олны аж төрөх ёс, төрийг хэрхэн засах тухай сургаалаа айлдахыг гуйн ятгаж "Ард түмний ариун ёсон оршивай" хэмээх номыг бичүүлсэн гэсэн мэдээ буй.
Гомбожавын багш Тарва бандид "Монгол орон хуучин суртлаа ягштал баримтлан явж болохгүй, дэлхий дахины бусад улс орны үлгэрээр явж, тэдний жишигт хүрэх ёстой. Ингэхийн тулд хөвгүүд, охидыг эрдэм номд боловсруулах хэрэгтэй" хэмээн үздэг дэвшилт үзэл бодолтой хүн байсан.
Тэрээр өөрийн гарын итгэлт шавь Гомбожавыг Нийслэл хүрээнд очиж, шинэ цагийн сургуульд суралцах замыг зааж, нүдийг нээж өгчээ. Гомбожав өөрийн багшийн нэр хүнд, нөмөр нөөлгийн ачаар эрдэмтэн Цэвээн Жамсрантай танилцсан нь түүний эрдэм номын мөр хөөх хүсэл эрмэлзлийг бадраах боломж олгосон хэрэг болжээ.
М.Гомбожав 1923 онд эцгээ өөд болоход 17 настайдаа засаг ноёны хэргэм зэргийг залгамжилсан байв. 1920-иод онд түүнд тухайн үеийн ёс заншлаар нутгийн угсаа гаралтай тайжийн охин Туваансүрэнг богтолж, гэр бүл болгожээ. Тэдний анхны охин Г.Дарьбазар 1921 онд, түүний дараа Дарьсүрэн, Лхамсүрэн, Март нар төрсөн бөгөөд хүүхдүүдээ айлд өргүүлсэн мэдээ буй гэдэг.
Харин Туваансүрэн 1926 он гэхэд Элдэв-Очирын эхнэр болсон байсныг МХЗЭ-ийн наймдугаар их хурлын төлөөлөгчдийн шүүмжлэлээс харж болно. Тус их хуралд төлөөлөгчөөр оролцож байсан Батнягт "...Элдэв-Очирын эхнэр Туваансүрэн бол гарцаагүй феодал мөн. Манай үүр Туваансүрэнг эвлэлээс хөөж, нөхөр Элдэв-Очирыг түүнээс салахыг шаардсан. Гэтэл Элдэв-Очир эхнэрээ өмөөрч хэгжүүрхсэн" хэмээн өгүүлж байжээ.
Гомбожав Улаан-Үд хотод 1930-1932 онд ажиллаж байхдаа Боржонова Агрипинна Николаевнатай гэр бүл болж хүү\Зоригт\ охин \ Билэгт\-той болжээ.
1924 онд анхны Үндсэн хууль батлан Бүгд Найрамдах засаг тогтоосны дараа М.Гомбожав Бүгд Найрамдах засгийг талархан дэмжиж гүн хэргэмээсээ сайн дураараа татгалзаж, Дотоод яаманд өөрийн хүсэлтийг ёсоор болгон батлахыг хүссэн өргөдөл бичсэн байдаг.
Сургууль соёлын мөр хөөсөн нь

Нутаг хошуундаа нэртэй бас ч шаггүй боловсролтой М.Гомбожав 1923 онд Нийслэл хүрээнд МХЗЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ. Багшийн заавар, өөрийн дур хүсэлдээ хөтлөгдөн Нийслэл хүрээнд оюутны сургуульд \1923 оны арванхоёрдугаар сарын 25-нд багш нарыг бэлтгэх түр курсыг оюутны түр сургууль болгожээ\ элсэн орсноор гэрийн сургуулиас шинэ цагийн шинжлэх ухааны боловсрол эзэмших зам нь нээгдсэн ажээ.
Нийслэл хүрээнд ирснээсээ хойш урьд танилцсан Цэвээн Жамсрангаар дамжуулан тэр үеийн бичгийн мэргэд О.Жамьян гүн, Ч.Бат-Очир хурц нартай танилцаж оюутны сургуульд суралцахын хамт Судар бичгийн хүрээлэнгээс ховор ном судар авч унших, заримыг нь хуулж өгөх, орчуулах зэрэг ажил хийж байснаас гадна Монгол Улсад музей байгуулахад хувь нэмрээ оруулж, Цэцэрлэгмандал аймгийн Рашаант уулын хошууны оюутан Гомбожав элдэв чулуу өгч байжээ.
Тэрээр оюутны сургуулиа дүүргээд Судар бичгийн хүрээлэнд ажиллаж шаггүй эрдэмтэй, ном сурах авьяастайгаа харуулсан аж. Ийм ч учраас хүрээлэнгийн удирдлага 1925 онд ЗХУ-ын Ленинград \Одоогийн Санкт-Петербург\ хотод Дорно дахины хэл бичгийн сургуульд илгээн суралцуулсан байна.
Монгол Улс 1924 оноос эхлэн Ленинград хотын Дорно дахины гадаад хэлний сургуульд 20 хүнийг явуулж эхэлжээ. М.Гомбожавын хамт хожим Монголын нэрт эрдэмтэн болсон Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, О.Намнандорж нар тус сургуульд бас суралцаж байжээ.
Тэд Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов, С.А.Козин, П.К.Козлов нартай танилцаж эрдмийн зах зухаас нь хүртэх болжээ. Тэд тэнд суралцаж байхдаа С.Пушкиний зохиолоос орчуулж байсныг 1926 онд Цэвээн Жамсрангаас Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргад илгээсэн захидалдаа дурджээ.
Үүнд "Дамдинсүрэн, Мэргэн хоёр Пушкинээс орчуулж төгсгөөд хянаж буй мөхөс Цэвээн ёслов 1926.10.1. Ленинград" гэжээ.
Мөн түүний бас нэгэн захидалд:

"БНМАУ-ын ШУХ-ийн даргад. Мэргэний хэлэх нь Д.Оссоны зохиолыг орчуулахад гэрээ хэлэлцээр хийхээр завдаж байсан ч чухам шийд тогтсонгүй. Эдүгээ сургуульд ядарч чөлөө зав огт байхгүй болсон тул Д.Оссоныг орчуулаагүй, Пушкиний зохиолоос  "Өртөөний захирал" хэмээх нэг өгүүллийг орчуулж дуусаад буй. Үүнийг явуулах уу. Энэ орчуулгыг улсын хэвлэл авах болов уу" хэмээжээ.
Зөвлөлтийн нэрт эрдэмтэдтэй хамтран ажиллаж санаа оноогоо солилцож байсныг Н.Поппегийн захидлаас харж болно. Үүнд Кучин буюу "Сарын сүүлийн 10 хоног" хэмээх үгийн утгын талаар таны захиаг хүлээн авалгүй эндээс явсан болохоор тусгайлан судлаагүй, тэгсэн хэдий ч сарын хоёр дахь хагас хэмээх утгатай "Сарын хууч" (сарын 15-наас хойш гэсэн санаа) гэсэн үгийг олонтаа сонсч явлаа.
Энэ ажиглалтаа би зориуд шалгах гэхдээ сая надтай хамт ирсэн Мэргэн гүн, Бадмажап Жамцаранов хоёроос лавлан тодруулж байлаа...1926 оны аравдугаар сарын 8" гэсэн байна.
1926 онд сургуулиа төгсч ирээд мөн л хүрээлэндээ ажиллаж Ч.Бат-Очир, Бадамжав нарын хамт Хятад улсын Жанчхүү, Бээжин, Шанхай зэрэг хотод Монголын эх түүхийн холбогдолтой ном судар цуглуулах тусгай томилолтоор явж байжээ. М.Гомбожав сурах мэдэхийн хойноос уйгагүй зүтгэдэг, цаг наргүй ажилладаг байсан нь хаана ч сурч байсан давхар судалгааны ажилд байнга оролцож байснаас харагдана.
М.Гомбожав сурах мэдэхийн хойноос уйгагүй зүтгэдэг, цаг наргүй ажилладаг байсан нь хаана ч сурч байсан давхар судалгааны ажилд байнга оролцож байснаас харагдана.
 
1927-1929 онд БНМАУ-ын Гэгээрлийн яам Франц, Герман зэрэг улс оронд залуучуудыг сургуульд явуулахад М.Гомбожав Франц улсад Сорбоний сургуульд суралцахаар явжээ. Тэд 1927 онд Берлин хотыг дайран, тэндээсээ Парис орсон бөгөөд замдаа Берлин хотноо нэрт эрдэмтэн С.М.Вольфтой уулзаж байснаа ярьсныг Роберт Рупен "XX зууны монголчууд" номдоо эш татсан байдаг.
Серж Вольф 1927 оны хоёрдугаар сард Берлинд Гомбожав, Бадамжав хоёртой уулзаж "Орос хэлийг сайн мэддэг гайхалтай сонирхолтой хүмүүс байна. Монголын амьдрал, шинжлэх ухааны амьдралын тухай тод мэдээлэл надад өглөө. Гомбожав орос, францаар чөлөөтэй ярьдаг, хятад, төвд, манж хэлийг мэддэг лут хэл шинжлэлчин байлаа" гэж тэмдэглэж байжээ.
Монгол Улсын Гэгээрлийн сайд О.Жамьян "Лy Алтан товч судар"-ыг дэлхийн монгол судлалын гүйлгээнд оруулахын тулд Францын нэрт монголч эрдэмтэн П.Пеллиод Гомбожаваар нэгэн хувийг хүргүүлж байжээ. Сорбоний сургуульд очоод Гомбожав дэлхий дахинд нэр цуутай Францын монголч эрдэмтэн П.Пеллиогийн удирдлагад сурч дадлага хийн ажиллажээ.
1929 онд М.Гомбожав өөрийн гараар бичсэн нэгэн анкет бүртгэлд "Франц улсад явсан оюутан Гомбожав 24 настай, тайж, эвлэлийн гишүүн явсан. Цэцэрлэгмандалын аймаг Рашаант уулын хошууны харьяат. Гэрийн сургуулиас Оюутны сургууль төгсч, Ленинград яваад эдүгээ Франц улсад эрдэмтдийг шүтэж, олон хэлний сургуульд яваа. Хүрээлэнд оюутан тушаалтай" хэмээн бичсэн нь архивт хадгалагдан үлджээ.
Олон улсын байдал хурцдаж, улс орны дотоодод ч улс төр нийгмийн амьдралын ороо бусгаа цагийн эрхээр Гэгээрлийн яам Франц, Герман зэрэг барууны улс оронд сургахаар явуулсан сурагчдаа сургуулийг нь төгсгөлгүй гэнэт татан буцаажээ. М.Гомбожав сургуулиа төгсөлгүй дутуу буцаж ирсэндээ маш их харамсч байсан бөгөөд түүний багш П.Пеллио ч түүнээс дутахгүй харамсч байсныг нотлох захидал бичиг бий.
М.Гомбожав нь 1924 онд анх байгуулагдсан нэр томъёоны комиссын гишүүнээр ажиллаж, тухайн комиссоос хэвлэн гаргаж байсан нэр томъёоны цувралыг бэлтгэхэд оролцож байснаас гадна Судар бичгийн хүрээлэнгийн томилолтоор 1930-1933 онд Буриад Монголын шинжлэх ухааны хүрээлэнд судалгааны ажил хийж, нэр томьёоны толь бичиг зохиоход оролцож, 1930 онд Улаан-Үд хотноо Буриадын шинжлэх ухааны хүрээлэнд Н.Поппегийн удирдсан экспедицид ажиллаж буриадын бөөгийн шашны талаар судалгаа хийж байжээ.
1933 онд эх орондоо буцаж ирээд Шинжлэх ухааны хүрээлэнд тайлбар толь зохиох комиссын гишүүнээр ажиллажээ. Их зохиолч Д.Нацагдоржтой хамтран Д.Оссоны „"Монголын түүх" хоёр боть зохиолыг "франц хэлнээс орчуулж байсан мэдээ байна. Мөн Вл.Котвичийн "Монголын түүхийн хураангуй тэмдэглэл ба түүний эдүгээгийн улс төрийн байдал" бүтээлийг М.Гомбожав орос хэлнээс орчуулж "Вл.Котвичийн энэхүү зохиол болбоос 1910 онд Петербург хотноо орос хэл дээр хэвлэгдэн гарсан бөгөөд зохиосон нь нэн хэдуй тийм боловч эдүгээ үед Монголын тухай зохиосон орчуулсан бичгийн тоо асар цөөний дээр сайн нь маш ховор болох тул үүнийг монгол хэл дээр монголыг судлаачдад эрхбиш нэмэр болох буй заа хэмээн бодож орос хэлнээс монгол хэлэнд орчуулав. Улаанбаатар хот. 1933 оны арваннэгдүгээр сарын 7. М.Гомбожав" хэмээн өмнөх үг бичиж байжээ.
ШУХ-гийн дуун ухааны тасгаас эрхлэн 1934 оноос "Монгол хэл бичгийг сайжруулах бодлогын өгүүлэл" хэмээх цувралыг хэвлэн гаргах болжээ. Цувралд М.Гомбожав "Сургуулийн бичгийн чанарыг сайжруулъя" эрдэм шинжилгээний өгүүүлэл нийтлүүлжээ.
Судалгааны ажлын хажуугаар залуу хойч үеэ сурган боловсруулах хэрэгт ихээхэн хүч чармайлт тавьж, орос дунд сургууль, улсын төв сургууль зэрэгт хичээл зааж багшилж байсан аж.
М.Гомбожав эх орныхоо шинжлэх ухааныг хөгжүүлэх, ард түмнийхээ хэл, түүх соёлыг шинжлэх ухааны шинэ арга барилаар судлахад эрдэм мэдлэг асар их ач холбогдолтойг хатуу ойлгосон хүн байв.
М.Гомбожав Шинжлэх ухааны хүрээлэнгийн товчоонд хандан бичсэн нэгэн өргөдөлдөө "Үүний урьд миний бие гадаадын сургуульд суралцсан удаа буй боловч тухайд тушааж уул сургуулийг хараахан төгсгөж чадсангүй билээ. Иймийн тулд эдүгээ шинжлэх ухааны ажлыг оролдсугай хэмээхүйд сурлага нимгэдэх, мөхөсдөх явдал цаг үргэлж гарах бөгөөд энэ нь уул бүтээх ажлын чанар ба хугацаа лугаа холбогдолтой баймой.
Эл учраас гуйх нь миний биеийг энэ жил Ленинград хотноо ЗХУ-ын ШУА-д хоёр жилийн хугацаагаар явуулж, хэлний нийт ухаан нэгэнт оролдож эхэлсэн хятад бичиг, хуучин судлал, бас орос зэрэг европын хэл бичигт сайжиртал сургаж ажаам уу.
Жич: Манай хүрээлэнгийн шинжлэх ухааны ажилч Цэвээн абугай мөн Ленинград хотноо бүхий тул эдүгээ миний оролдож бүхий монгол хэлний тайлбар толь зохиох ажлыг түүгээр Цэвээн авгай лугаа хүчин хавсран ямар нэгэн зүйлийн ухааны нэр томъёог тайлбарлан гүйцэтгэх аваас уул ажил бүр ч чанартай бөгөөд түүний хугацаа богино болохыг хамтаар тэмдэглэсүгэй"гэжээ.
Шинжлэх ухааны хүрээлэнгийн товчооны 1934 оны арваннэгдүгээр сарын 23-ны XV хурлаар М.Гомбожавын хүсэлтийг хэлэлцээд Орос Европын нэр томьёо, орчуулгад дадлагажиж буй, толь зохиох ажилд тустай, шинжлэх ухааны ажилд авьяастай бөгөөд улмаар сурах төлөвтэй тул ЗХУ-ын ШУА-ийн дэргэдэх хэл бичгийн сургуульд гурван жилийн хугацаагаар явуулахаар тогтжээ.
ОХУ-ын Санкт-Петербургийн ДЦСХ-гийн гар бичмэлийн фондод хадгалагдаж байгаа М.Гомбожавын тухай баримт материалыг докторД.Эрдэнэбаатар Мэргэн гүн Гомбожавын 100 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд танилцуулсан билээ.
Эдгээр баримтаас үзэхүл М.Гомбожавыг 1934 оны арваннэгдүгээр сарын 1-нээс аспирантурт элсүүлж cap бүр ДЦСХ-ээс 300 рублийн тэтгэлэг олгож байх 25 тоот тушаал ЗСБНХУ-ын ШУА-ийн боловсон хүчнийг бэлтгэх хорооны орлогч даргын гарын үсэгтэй гарч байжээ.
Мөн Монголоос ирсэн аспирант М.Гомбожавыг  Ленинградын ДЦСХ-нд шилжүүлэн эрдэм шинжилгээний удирдагчаар Н.Н.Поппег томилсон шийдвэрийг ЗСБНХУ-ын Монголын комиссын орлогч дарга, ЗСБНХУ-ын ШУА-ийн боловсон хүчнийг бэлтгэх хорооны орлогч дарга нар хамтран гаргаж байжээ.
Гомбожав Ленинградад сурч байхдаа өөрийн гараар 1937 оны зургадугаар сарын 9-нд бичсэн анкетад "Франц, англи, хятад хэл бага зэрэг мэднэ, халимаг хэл бага зэрэг мэднэ, монгол буриад хэлийг сайн мэднэ" хэмээгээд эхнэртэй, Ленинград, Васильостровск \Васильевский остров\ 12 дугаар гудамж, 33 дугаар байр, 17 тоотод суудгаа" тодорхойлж байжээ.
Ийнхүү М.Гомбожав тухайн үедээ дэлхийн монгол судлалын томоохон төв Ленинград хотод очиж, Орос-Зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэдтэй ойр дотно танилцаж, тэднээс ихийг сурч байжээ.
Зөвлөлтийн нэрт эрдэмтэд Гомбожавын бүтээлийн талаар бичиж байсан тухай захидлууд бас сүүлийн үед олдсоор байгаа билээ. Ойрмогхон хэвлэгдсэн "ВЛ.Котвич. Из эпистолярного наследия" номонд Зөвлөлтийн нэрт эрдэмтэн В.Казакевичийн захианд "Хоёр дахь нь Гомбожавын толь бичиг, юуны өмнө энэ толь халх аялгаар, "ө", "ү", "т", "д" зэргийн ялгааг сайтар тодруулан авч үзсэнээрээ анхаарал татаж байгаа юм.
Энэ номын зохиогч нь хэргэм зэргээсээ 1923 онд өөрийн саналаараа татгалзсан, Сайн ноён аймгийн засаг асан Мэргэн гүн хэмээгч бөгөөд Ленинград, Парист суралцаж, Дээд-Үд (Дээд-Үдийг 1934.08.15-наас Улан-Үд, Троицкосавскийг Кяхта гэх болсон)-д хэдэн жил ажиллаж байсан хүн" гэж дурджээ.
М.Гомбожав Ленинградад аспирантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалах сэдвээ үндсэнд нь бичиж дуусгаад байжээ. Үүнийг түүний удирдагч багш Н.Поппегийн дараах санал нотолж байна.
"Аспирант М.Гомбожавын судалгаа шинжилгээний ажилд өгсөн санал. Мэргэн Гомбожавын сонгож авсан "Цагаан түүх" зохиол монгол хэлээр бичсэн Монголын түүх, утга зохиолын томоохон бүтээлийн нэг юм. Цагаан түүх нь Монголын түүхийн нэгэн чухал хэсэг болох Юань улсын түүхийг өгүүлдэг бөгөөд XIII-XIV зууны Монголын эзэнт гүрний үеийн улс төрийн удирдлага, нийгмийн байдлыг тод томруун тусгасан бүтээл болно.
Мэргэн Гомбожав энэхүү бүтээлийн орос орчуулгыг хийхийн зэрэгцээ түүх, хэл шинжлэл, орчуулгын шинжлэх ухааны тайлбарыг хийсэн арга зүйн чухал ажил болжээ. Одоо энэхүү бүтээлийг нэн даруй хэвлэх нь зүйтэй.
М.Гомбожав нь үлдэж буй хугацаанд "Цагаан түүх" зохиолын орчуулга тайлбарын ихээхэн хэсгийг өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа ашиглан заасан хугацаанд хийж дуусгасан бөгөөд энэхүү ажлыг шинжлэх ухааны үр өгөөж, ач холбогднын талаар тодорхойлбол эргэлзэшгүй чухал түүхэн сурвалж болохыг олон талаар харуулж чадсан бүтээл болгож чадсан гэж би үзэж байна. Н.Поппе" гэжээ.
М.Гомбожавын "Цагаан түүх"-ийн талаар хийсэн судалгааны ажил өнөө хэр монголчуудад, монгол судаалын салбарт олдоогүй л байна. Хийж байсан судалгааныхаа ажлыг үндсэнд нь дуусгаад байсан түүнийг 1937 оны наймдугаар сарын 11-нд улс төрийн хилс хэргээр дайчлан баривчилсан байна.

Америк тивийг монголчууд нээсэн.



           Өнгөрсөн зууны хориод онд Монголын говьд Америкийн нэрт эрдэмтэн Рой Эндрюсын ахлан хийсэн эрдэм шинжилгээний аялалд Н.Х.Нельсон гэж нэг археологич оролцжээ. Хожим тэр академич Окладников нарын зэрэг Оросын эрдэмтэдтэй хамтран Аляскт өнө эртний хүний ул мөрөөр малталт хийсэн юм. Түүний үр дүнд Монголын говь, Америкийн Аляск хоёроос олдсон чулуун зэвсэг нь нэг гаралтайгаар барахгүй тэр нь төв Азиас гаралтай гэдгийг батлаад “Говь хийц” гэж тэр чулуун зэвсэгээ нэрлэн дэлхийг шуугиулсан хүн.
           Н.Нельсон, А.П.Окладников нарын судалгааг шимтэн уншиж суутал тэдний малталт хийсэн долоон арлын тав нь монголжуу нэртэй, бүүр одоогийн монгол хэлэнд ч хэвээр байгаа үгээр нэрлэсэн байдаг.
           Индианчуудын нэрлэсэн таван арлын нэр нь АДАГ, АТГА, ИХ НҮДЭН, ИХ НУТАГ БУЮУ ЭХ НУТАГ, УУШИГ юм.Хойд, өмнөд Америкийн индианчуудад Монголчуудаас өвлөж үлдсэн юм нэлээд байдаг. Тэд одоо ч гэсэн “Ail’o” буюу “Айл” гэж хот айлаа монголчуудын нэгэн адил нэрлэсээр байгаа билээ. Мөн Америкийн индианчууд эзэд дээдсээн “HAGAAN” буюу “ХААН” гэж монгол үгээр нэрлэсээр байгаа ажээ. Америкийн индианчуудын цусны бүлэг монголчууд буюу монголжуу хүмүүсийнхтэй ижил болохыг шинжлэх ухаан нэгэнт нотолжээ. Бас мөч богино, гар шуу, булчингийн зохион байгуулалт ижил ажээ. Шүтлэг бишрэл, ёс заншлийн талаар ч олон зүйл төстэй бөгөөд тухайлбал , монголчуудын гол шүтлэгийн нэг болох идээний дээжээ уул хангайдаа өргөдөг зан үйл нь тэдэнд хэвээр байгаа юм. Бас тэд бөөгийн шашинтай, бөөгийн хэрэгсэл, бүжиг дуу авиа нь монгол бөөтэй төстэй гэж судлаачид бичиж байна.Монгол төрхтний /Mongoliad/, ялангуяа монголчуудын удамшил зүйн нэг өвөрмөц шинж тэмдэг нь бусад арьстан угсаатны төдийгүй, монгол төрхтөнд тэр болгон байдаггүй ХӨХ ТОЛБО юм. Иймэрхүү мэнгэ монголчуудаас гадна өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг Америкийн индианчуудад байдаг байна.
           Эдүгээ Америк тивд амьдарч буй Индианчуудын удмын мэдээллийг хадгалж дамжуулдаг ДНК нь 30 орчим янз байгааг тогтоосон явдал Төв Азиас нүүдэллэж ирсэн хүмүүс зөвхөн нэг удаа биш олон тасарч ирсэнийг нотолсон байна.
           Хэл шинжээчдийн судалгаагаар эскимосчуудын ярьдаг Ескимо –Алеут овгын хэл Гренландын хүмүүсийн ярьдаг На-дене хэл нь уугуул индианчуудын ярьдаг Аеринд өвгийн хэлнээс өөр гарал үүсэлтэйг нотолсон нь индианчууд бол Эскимос, Гренландаас гаралтай бус болохыг баталсан хэрэг байв. Харин Монгол хэл тэрхүү Америнд овгийн хэлтэй гарал үүсэл нэгтэй болохыг баталжээ.
АНУ-ын Аризона муж улсын их сургуулийн доктор Ж.Тарнэр Азийн хүмүүсийн шүдийг уугуул индианчуудын шүдтэй харьцуулан судалсаны үндсэн дээр дэлхийн хүмүүсийн шүдний нэгдүгээр арааны ёзоор гурав байдаг бол зөвхөн Монголчууд болон индианчуудын шүдний уг арааны ёзоор хоёр байдаг гэсэн гайхамшигтай нээлт хийсэн байна.
     Үргэлжлүүлэн бичих болно...

Thursday, March 10, 2016

Миний эмээ.

       
      Миний эмээг Дэнсмаа гэдэг. 13 хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай хүн. Бага байхад өвөө маань эмээгийн талаар бараг л үлгэр домог шиг л юм ярьдаг байлаа. Хар багаасаал нагац ахаасаа хүн эмчлэх ухаанд суралцан 18 хан настайдаа нутаг усандаа алдартай анагаах шидтэн хэмээгдэж байжээ. Манайх Хоолтын голоор нутаглана. Өөр хошуу нутгаас ч хүмүүс эмчлүүлэхээр тугалтай үнээ хөтлөн манайхыг бараадан зусдаг байж. Хамгийн гол эмчилдэг байсан өвчин нь тэмбүү гээч идээ бээр болсон өвчин байдаг байж. Түүнд хэрэглэдэг эмний гол найрлага нь орон доогуур байх ааруулын тавцан аятай юман дээр ургах сүм суврага аятай гозойх хөгз мөөгнөөс бүрддэг байж. 
      Эмээ маань ганц хүн эмчлээд байсангүй, эмийн түүхий эдээ өөрөө бэлдэж ан ав хийдэг эрэлхэг нэгэн байж. Тэгэхээс ч аргагүй юм. Учир нь дээрээ таван ахтай байсан бөгөөд тэднийг Халх даяар алдартай халхын таван Хар гөрөөчин гэдэг байж. Эмээгийн аавыг Мэргэн Хамба Гомбо гэх ба нутаг усандаа алдартай номтой хүн байсан гэдэг. 
      Эмээ маань өвс ургамлаа түүж хатаах, хадгалж ариглах гээд маш нарийн их ажилтай байсан гэдэг. Эмийн ургамлын үндэс авах ажлаа зуны дэлгэр цагаас л бэлдэж эхэлнэ. Тусгайлан бэлдсэн нарийхан саваануудыг цэцэглэж байхад нь тэмдэг тавин зоож намар болоход өнөөх тэмдэгээрээ үндсээ олж авна. Олон төрлийн цэцэг түүх авч ерөөсөө наранд хатаахгүй зөвхөн сүүдэр газар хатаана. За тэгээд ганц цэцэг ногоог эмэнд хэрэглэх биш элдэв чулуу шороо цуглуулах, амьтны гаралтай түүхий эдээ олох гээд бүхийл ажлаа өөрөө хийдэг байж.
        Баавгайн цөсийг олж авахын тулд ах нартаа ердөө захьдаггүй өөрөөл агнаж авдаг байжээ. Учир нь баавгайг шууд алж авбал цөс нь жоохон байх учир сайн гээч нь уурлуулж байж агнадаг байсан гэдэг. Тэгэхийн тулд баавгайгаа дутуу буудан шархдуулаад араасаа хөөлгөдөг байсан байна. Өөрөө ч бүдүүн модонд авиран гарч шархадсан баавгайг хүлээнэ. Уурлаж шархадсан баавгай өнөөх модруу нь авирхад жижиг сүхээрээ хумснуудыг нь тас тас цавчиж унагаан жаал байсны эцэст алж цөсийг нь авхад бүтэн жилдээ хүрэх цөстэй болдог байсан байна. Хэрвээ жирийн баавгайг шууд алаад авсанаас 10 дахин том цөс гардаг тул ах нараа гуйдаггүй нь тэр байжээ. Тэр ч хэмжээгээр амьтны амь хэмнэдэг байж. ..
        Бугын цусан эвэр цуглуулах ажлыг мөн л нэг ч бугын амь хороолгүй цуглуулдаг байжээ. Эмээ маань аанайл ганцаараа ууланд гаран аль болох олноороо байх бугын сүрэгийг ус өвсийг нь уулгаж идүүлэлгүйгээр хойноос нь битүүхэн дагаж долоо хоноход цусан суулга гээч болж явж чадахаа больдог аж. Энэ үед нь эвэрийг нь тайрч аван суурийг нь лайдаж дахин хэд хоног өнөө хэдээ чоно нохойд идүүлэхээс хамгаалж босож чаддаг болохоор нь орхидог байсан гэдэг.

         Эмээгийн маань авга ах нь бас л тэр хавьдаа алдартай бөө байсан гэдэг. Урт сахалтай, ширвээ хар хөмсөгтэй баатар шиг л хүн байсан гэж аав маань хуучилдаг байлаа. Жижиг чулуу авч няцлаад л ялаа алаад байдагийг нь харах гэж тэднийхээр их очдог байсан гэдэг. Авга ах нь эмээг удган болгох гэж байнга л хэлдэг байж. Тэгэх болгонд нь эмээ маань би тэртээ тэрэнгүй хүн зонд тус хүргээд явж байгаа юм чинь би удган болохгүй гээд л учирладаг байсан гэдэг.
         Эмээгийн том ахыг Бадарч, удаах ахыг нь Алаач Шарав, дараах ах нарыг нь Их бага Далантай гэх ба бага ахыг нь Бадамжав гэдэг байжээ. Энэ таван ахынх нь талаар яривал ёстойл үлгэр домог шиг л юм сонсогддог байж билээ. Зах зухаас нь санаанд орсоноос нь л жаал сонирхуулдиймуу...
          Хар гөрөөчин гэдэг бол манай овгийнхны хувьд анчинд өгдөг ЦОЛ байсийм шиг байгаам. Энэ талаар судалж үзээгүй учир өөр газар нутагт хэрэглэдэг талаар мэдэх юм алга. Хар гөрөөчин болохын тулд заавал таван хар амьтан агнах ёстой. Тэдгээрт хар тарвага, хар үнэг, хар чоно, хар янгир орох ба эцэст нь хар баавгай буюу сүүлт гургалдай гээч амьтадыг агнаж байж авдаг цол байсан байна.Эдгээр амьтадыг хаа хаанаас алах нутаг орныг нь зааж өгдөг байснаас гадна хамгийн хүнд даалгавар нь Сүүлт гургалдай алах явдал байсан гэдэг. Судлаач Бадамхатан гуайн дурсамжинд Хөвсгөлийн дархад түмний дунд сүүлт гургалдай хэмээх амьтан байдаг тухай хуучилсаныг нь хожим уншаад их л олзуурхаж билээ. Тэрнээс биш сургууль соёлд орсон цагаасаал энэ амьтны талаар амьтан хүнээс асуувч юуч олж эс чадна. 
Үргэлжлэл бий.
     

Friday, March 27, 2015

Мөнгөн усаа гэж...


      Мөнгөн усны тухай монголчууд бидний мэдлэг үнэн өрөвдөлтэй. Мөнгөн устай бид өдөр тутам харьцаж, амьсгалж холилддог хэрнээ бүүр анзаарах ч сөхөөгүй болтлоо тоохоо байж. Ямар сайндаа Хонгор суманд мөнгөн ус алдагдаж хордлого нь нөлөөлөхүйц хэмжээнд мэдэгдээд ирхэд ч тэр, нийтээрээ хамуурсан ухааны юм яриад байж байхав. 
       Би энд мөнгөн усны тухай улиг болсон хэдхэн мэдээллийг дамжуулах гэсэнгүй. Хэнч урд нь хэлж ярьж байгаагүй сониноос хуучлах болно. 
       Мөнгөн ус байгал дээрээ маш бат бөх нэгдэл бүхий хоргүй хэлбэрээр оршиж байдаг. Энэхүү бодисыг хүн болгон мэдэх боловч аж ахуйдаа эртнээс нааш хэрэглэж ирсэн юм. Түүнийг усанд уусган найруулж хашаа хороогоо будах, бөс даавууг өнгө оруулах тэр ч байтугай оо энгэсэгэнд хэрэглэж хацар амаа гоёдог байлаа. Нэг бяцхаан түүх өгүүлэе. Их хэлмэгдүүлэлтийн үед Заяийн хүрээний хадан дээр зурсан бурханг арилгах төвөгтэй даалгаварыг хэн ч биелүүлж чадаагүй байна. Яаж ч хусаад, угаагаад байхад тэрхэн үедээ арилдаг ч гэсэн бороо оронгуут эргээд л дурайгаад гараад ирдэг болохоор нь сүүлдээ тэгэсгээд орхисон гэдэг.  Хааяагүй тааралдах хадны сүг зурагын заримыг нь мөн л өнөөх алдарт улаан будгаар будсан учир гуч дөчин мянган жил нар салхи, бороонд нүдүүлсээр байвч аанай дурайсаар л байх. 
       Хэдэн зуун жил хөгжсөн Түвдийн анагаах ухаанд ч мөнгөн усыг хэрэглэсээр өдийг хүрэв. Монголчууд ч түвдийн анагаах ухааныг өөрийн хувилбараар өөрчлөн нэвтрүүлэхдээ ч мөнгөн усыг нь гээсэнгүй. Тэрхүү алдартай бат бөх нэгдэл нь Хүхэрт мөнгөн ус байлаа. Хүхэрт мөнгөн ус нь байгал дээр хортой хоргүй гэсэн хоёр хэлбэрээр байх ба улаан хар гэсэн өөр өөр өнгөтэй байдаг. Хоргүй гэгдэх улааныг нь бид будаг шунханд ашиглахаас гадна анагаах ухаанд зөвхөн гадуур хэрэглэдэг байж. Уламжлалт анагаах ухаанд дотуур хэрэглэхдээ хортойг нь хоргүй болгож хэрэглэдэг. Идээ бээр болсон бүхийл өвчинд мөнгөн усыг хэрэглэдэг байлаа. Олон хүний ууж байсан танил эмэнд энэ нэгдэл ордог боловч одоо бол нэрийг нь сонсоод л айж найрлагаас нь хассан хэрэг. 
      Нэг удаа манай лабораторт английн эрдэмтэн хэсэг ажилласан юм. Тэрээр  ямар нэгэн юм хайн миний шкафийг онгойлгонгоо дуу нь хачин болоод л шилтэй мөнгөн ус руу заагаад,  Хэр удаан энд байсан бэ? гэв. Би ч хэдэн жил болж байгаа байхаа гэсэн чинь царай нь хачин болоод л одоохон наадхаа гаргаж бул гээд л тэмдэг тавин булуулж билээ. Тэнэгийн дотор уужуухаан гэдэг л болж хөглөж байснаа бодоход ичмээр.  Тэгэхээр мөнгөн ус нь маш хортой бөгөөд чухам яаж хордуулдаг талаар жаахан тайлбарлая. Цэвэр мөнгөн ус нь маш их ууршимтгай шинж чанартай эд. Тиймдээ ч ихэнхи нь амьсгалын замаар үлдсэн хэсэг нь арьсаар нэвчин ордог. Ороод тэд яах вэ гэвэл хамгийн түрүүнд өөрийн хосгүй хань болох хүхэртэйгээ нэгдэхийг хичээнэ. Ядаж байхад хүний биеэр дүүрэн хүхэр байна. Хүний эд эс нь уураг амино хүчлээс бүрдэх авч тэдний цистин, цистеин зэрэг хүхэр агуулсан амино хүчлүүдийн хүхэрүүдийг бүдүүлгээр хэлэхэд суга суга татаад авнаа гэсэн үг. Үүний үр дүнд мэдээж эд эсүүд үхэж эхэлнэ. Идээ бээр болох нь бүүрч тодорхой. Арьсанд ингэж нөлөөлөх юм чинь ихэнхи нь шингэдэг уушиг яах нь бүүр ч аймаар. 
      Нөгөөх хоргүй мөнгөн ус чинь усаар дамжин ургамал модонд шимэгдэн анзаарагдахын аргагүй бага хэмжээтэйгээр оршин байдаг. Гагцхүү өндөр температурт түлж шатаах үед нөгөөх бат бэх нэгдэл маань задарч чөлөөт мөнгөн ус бий болох нь тэр. Бидний мэдэх нүүрс маань мөн л мод ургамлаас гаралтай эд. Тэгэхээр өвөл болоход Улаанбаатарт маань хэдий хэр чөлөөт мөнгөн ус ялгардагийг тооцоолоё. Нэг өрх жилдээ дунджаар 5 тонн нүүрс, 5 шоо метр мод шатаадаг бол нөгөө хэдэн цахилгаан станцууд чинь 5 сая тонн нүүрс шатаадаг юм байна. Үүний үр дүнд агаарт 260 мянган тонн бохирдуулагч бодис цацагддагаас ердөө 38 кг нь гайхал Мөнгөн ус байдаг байна. Харахад бага ч гэсэн энэ аймшигтай тоо юм. 1грамм мөнгөн ус нь 10-20 га газарыг амьтан ургамалтай нь бүрэн хордуулах чадалтай гэхээр Улаанбаатарыг маань хэд дахин хордуулах хор ялгарч байнаа гэсэн үг. 
      Ийм агаартай байхад чинь бид яаж ч эрүүл амьдрахав дээ! Японы эрдэмтэд Улаанбаатарын хүүхдүүдийн үсэнд мөнгөн усны шинжилгээ хийсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин гарсан нь үүнийг батлах мэт...
      Бас нэгэн сонин дуулгахад хотын утааг арилгах нэрийн дор хэдэн зуун тэр бум төгрөг зарлагаддагыг мэдэх байх. Гэтэл энэ нь тун харалган бодлого болох нь тооцооноос харагдана. Үнэхээр л хулхин дээр цэцэг ургуулна гэдэг л энэ байх. Учир юун гэвэл манай хотын агаарын бохирдлын 90 гаран хувийг өнөөх цахилгаан станцууд гаргадаг гэвэл тэр их мөнгийг 10 хувийн төлөө биш 90 хувийг багасгахийн төлөө зориулсан бол зүйд нийцэх байсан хэрэг. Би энд агаарын бохирдлийг бий болгогч бусад хүчин зүйлүүдийг огтоос дурьдаагүй байхад байдал нэг иймэрхүү байндаа.
      Мөнгөн усны тухай тун товчхон өгүүлэхэд нэг ийм сонинтой.
       
       


       

Saturday, January 24, 2015

Колибри шувуу монголд байдагуу?

        Монгол орноороо хаа сайгүй аялаж үзсэн надад элдэв сонин явдал аль тааралдахыг тэр гэхэв. 
       Нэгэн удаа тарвага сахиад хэвтэж байтал ойрхоон харагдах цэцгэн дээгүүр өнөө халуун оронд байдаг тэр тусмаа дэлхийн хамгын жижигхэн шувуу гэгддэг hummingbird-ууд цэцгийн бал сороодл гялс алга болоод л тэгснээ гэнт гарч ирээдл цэцэгний голруу хошуугаа дүрвүү үгүй юул гялс гээдл алга болоод байлаа.
       За ингээд би гэдэг чинь монголын хамгын жижигхэн шувууг олчихлоо гэж баярлаад л юун тарвага мантай өнөө шувууг чинь хөөгөөд хэдэн цаг боловоо. Цамцаа тайлаад л гөвөөд байдаг бардаггүй ээ. Дэндүү хурдан юм. Гялс гээд л алга болно. Аргаан бараад машин дээрээ ирээд юмаа ухаж байтал агаарын тенисний цохиур гараад ирлээ. Нөгөөтөхийг чинь аваад л байн байн суугаад байсан цэцэгийг нь бараадаад сахиад суучихав. Хэд хэд цохиж байж бариад авлаашүү.   Тенисний цохиураа аваад хартал юү байсан гэж бодно. Үс ноосондоо баригдсан нэг муу дэнгийн эрвээхэй байдаг байгаа. Хаячих гэснээ бас байлаа. Учир юу вэ гэвэл бидний мэддэг эрвээхэй чинь цэцгэн дээрээ сууж байгаад балыг нь сордог атал энэ нөхөр тэгээгүй болохоор нь сонин санагдаад Биологийн хүрээлэн дээр очиж Ш.Болдбаатарт үзүүллээ. Тэгсэн энэ чинь Баавгай гэдэг их ховор эрвээхэйдээ, гадаадад бол нэг нь зуун ногоон хүрдэг юм гээд судалгаанд зориулаад бидэнд үлдээвэл сайн байна гэхээр нь өгч орхисон. Гэхдээ хаанаас барьсаныг нь асуухаар нь утсаал өгсөнөөс газарыг нь хэлж өгөөгүй юмдаг.
        Хожим нь хэрэгт дурлаад ямар гээчийн эрвээхэй барьсан юм бол гэж бодоод энд тэндээс нилээн юм уншиж байж учирыг нь олсон юм. Эрвээхэйн маань нэр нь Баавгай ч биш Macroglossum stellatarum хэмээх Эгэл хошуулаг шумбуур нэртэй болохыг нь мэдсэн юм. Сонирхуулахад Оросын хэвлэлээр байс гээдл оросоос колибри шувуу олдлоо гэж бичээд байсан нь өнөөх эрвээхэй маань л байсан байгаа юм. Энэ эрвээхэй нь 50км/цаг хүртэл хурдалдаг бөгөөд 3 минутын дотор 100 гаран цэцэгт тоос хүртээдэг гэнэдээ.

Үен гэдэг амьтан

       Үен гэдэг амьтаныг мэдэхгүй хүн байхгүй байх. Гэхдээ энэ амьтан дотроо их олон янз байдгаас гадна манайд бол бараг судлагдаагүй амьтан учир жирийн хүн байтугай мэргэжлийн хүмүүс нь хольж хутгаад энд тэнд хэвлүүлчихсэн байхтай таарах нь энүүхэнд. 
        Бас л нэгэн түүх сонирхуулъя. Эмээ өвөөдөө шөл хийж өгөх санаатай ятуу агнах гээд л голын бургасаар явж байтал шар гэхэд дэндүү шар өнгөтэй өмнө нь огт үзэж байгаагүй зурамны дайтай амьтантай таараад нилээн сахиж байж алаад авлаа. Өвөө маань үзчихээд шар үен байна гээд арьсыг нь сайхан хуулаад унинаас өлгөөд хэд хонож байтал манай сумын агент өнөөх арьсыг чинь харчихаад сүйд боллоо. Сумын төлөвлөгөөг дандаа тасалдаг амьтан байнашдээ гээд ах нь үнэ мөнгийг нь төлнөө гээд 1 төгрөг 44 мөнгө өгөөд баярлаад алга боллоо. Хүүхэд ахуйн нэгэн дурсамж одооч сэтгэлд тодхон үлдэж. 
       Энэ цагаас хойш би яг өнөөх л шар үен гээч амьтанаа ном сэтгүүл, сурах бичиг, интернет гээд ер хаанаас ч гэсэн эрээд олоогүй юм. Зарим нэг нь болохоор өвөл заримдаа шар заримдаа цагаан болдог гээд л ярихыг нь яана. Юүгээл тэгээд энэ жил нэг шар болоод л дараа жил цагаан болоод л байхавдээ.  Миний ингэж шар үен гээд нэрлээд байгаа нь жинхэн биологийнх нь нэр биш л дээ. 
                Mustella Altaica-Солонго,Уулын үен,Шар үен, 
                Mustella Sibirica-Шивир үен, 
                Mustella Erminea-Цагаан үен, 
                Mustella Nivalis-Хадны үен, Чоно оготно, Хотны үен гээд л үгүй мөн олон янзаар нэрлэх юмаа. Эндээс харахад миний шар үен гээд байгаа маань Солонго болж таарлаа. 
       Хожимоо ууланд алхадаг болсноос хойш бас нэгэн үентэй байнга шахуу таардаг болов. Богд уулын Цэцээ гүний овоо хавиар амьдардаг үен өвөл болохоор дун цагаан, зун болохоор цагаан элэгтэй бор саарал өнгөтэй болно. Энэхүү гайхамшигтай ховор амьтнаа одоо болтол хайсаар л байна. 

Бадарчин охид

         Өнөөдөр хоол идээд сууж байтал нэг охин ширээнд дөхөж ирээд, Ахаа бохь мянгаар аваач гэнэ. Би ч 500-гийн бохийг мянгаар авлаа. Дэлгүүрт ороод гарахаар бас нэг охин гүйж ирээд л үлгэрийн ном аваач гэнэ. Авлаа. Хэдэн жилийн өмнө нэг охин эгч маань германаас явуулсан юм гээд баахан төмпөн савны ком шахчих гээд дагаад байсан өнөө бас л хэвээрээ. Хөөрхийдөө өнөө л хэлдэгээ хэлээд зогсож байна. Хэдэн жилийн өмнө би авчихсан бол өдий болтол зогсохгүйч байсан юм билүү ч гэж бодогдлоо. Үүнээс үүдээд нэгэн санаанд орсон юмаа бичмээр санагдав. 
        Америкад гуйлга гуйж амьдардаг монгол охид байдаг гэж сонсвол та лав гайхах биз. Дээрхи ойлголтыг би шууд монгол сэтгэхүйгээр буулган хэлж байгаа минь энэ. Учир юун гэвээс Америкийн аль ч хотын гудамжинд, улаан гэрэл дээр түр зогсох тэрхэн агшинд хогын сав аятай юм барьсан хүмүүс үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад мөнгө гуйж буй хүнтэй таарах нь ердийн үзэгдэл болсон байдаг. Америкчууд нь ч мөнгө сарвайж л байгаа харагдана. Хүмүүс ч энийг гуйлга гэж үздэггүйгээр барахгүй, хуулийг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэж үздэггүй юм байна. Энэ байдлыг ашиглан ажлаа тараад гудамжинд гуйлга гуйж, цалингаасаа илүү орлого олж байсан коллежийн багш хүний тухай телевизээр гарч байхад нь гайхсанчгүй. Ийм хүмүүсийг өөр аятайхнаар юу гэж нэрлэдэгийг нь мэдэхгүй тул гуйлгачинаар нь дуудсан хэрэг. 
        Дээр үед бол Хүрээнд томоохон хэмжээний алтан бурхан бүтээхэд, ард түмнээс ихээхэн мөнгө цуглуулах ажлыг гүйцэтгэдэг байсан, бие хамгаалах тусгай урлаг эзэмшсэн лам нарыг нутаг орноор бадар бариулахаар явуулдаг байсныг бадарчин гэдэг байсан юм гэнэлээ. Тэр лугаа мөнөөх гуйлгачин охидыг бадарчин охид гэвэл арай зөөлөн сонсогдох юмуу. Тэдгээр бадарчин охидууд монгол болохоороо тэгдэг юмуу яадагын голчлон монголчууд бараг байдаггүй шахам мужуудаар, Монголынхоо нэрийг барин бадар барьж явдаг юм.
      Ганц би хэдэн тохиолдол сонссоныг бодоход бадарчин охидын тоо цөөнгүй бололтойдог. Зохион байгуулдаг хүмүүс нь солонгос хүмүүс байдаг гэнэ. Бодвол сүмийн чиглэлийн л хүмүүс боловуу. Монголын өнчин хүүхдүүдэд туслах гэсэн санаатай байдаг нь зүгээрч юм шиг. Даанч эзэндээ очтол ч лөөлөөдөө л гэж бодогдоод нэг л итгэл төрж өгөхгүй юм даг. 
         Миний бодоход хэдэн солонгос л монгол бадарчидын цуглуулсан мөнгөөр амьдарч байгаадаал гэж ташаа санах юм. Дарга цэрэггүй хулхидуулсаар байгаад энэ бидний сэтгэхүй буруу бодоод байж ч бас болох юмдаа. Ай даа хаширсан хөөн /хүн/ гэж...

Оготно Хулгана хоёр юугаараа ялгаатай вэ?

       Тээр жил манайх Туул голын эрэг бараадан зусч билээ. Одоо бодоход морин жилийн их үерийн өмнөх жил байсиймуудаа. Халуун гэж жигтэйхэн.Хаашаа л харна газар дэлхий царцаа голио, хулганаар буцалж байнуу гэмээр элбэг. Их үерийн өмнөх жил ингэдэг ч байсиймуу бүүмэд.              
       Манайх Төв аймгийн Баянзүрх суманд данстай. Манай сумын дарга хар хэмээх хочтой Бугын Дэжид гэж хүн байлаа. 
                            Сумхүү даргын үед сууж байсан нэгдэлдээ, 
                            Дэжид даргын үед дэгжиж байгаа нэгдэлдээ
 гээд л хөгшин хөвөөгүй дуулаад эхэлтэл дарга маань ч Төв Хороонд очиж, хожимоо манай сум ч газарын зургаас хусагдсан юмдаг. Өвөө маань Төлөө бригадын дарга. Сарын цалин нь 75 төгрөг. Эмээ маань Төлөө бригадын саальчин. Сарын цалин нь 36 төгрөг. Хойч үед маань сонин байх боловуу хэмээн баахан нуршив. 
        Саалийн фермийн ажил цаг нар гэж байхгүй. Өглөө гурван цагт босч, эмээдээ тугал татаж өгнө. Үхрийн шинэхэн баасруу хөлөө хийж дулаацуулдаг тухай нэг зохиолд гардагдаа, тэр үйл явдал жинхэнээрээ давтагдана. 
       Саалийн цаг дуусч, эмээгийн бэлдсэн аягатай хусам, боорцог тэргүүтнийг идэж аваад миний үндсэн ажил эхэлнэдээ. Юм л бол анчин болж тоглоно. Хулгануудыг ч яаж л бол яаж ална.
Сайхан өвчөөд , жижиглэж эвдээд түлээний модон дээгүүр ярайтал өрнө. Үүнийг харсан эмээ маань учиргүй загнадагсан. Харин өвөө маань олон таван юм хэлэхгүй, энэ золигыг яаж ингэхийг нь болиулъядаа гэсэн шиг дургүй талдаа гаансаа зуун алхана. 
       Манай ачаан доогуур хоёр ам цагаан оготно амьдарна. Ачаатай цуг ирсиймуу, ирсэн хойно ачаан доогуур орсиймуу бүүмэд. Тэр хоёртой бол би их найз. Хааяа боорцогноосоо хуваалцана. Гэтэл нэг удаа өвөө маань , чамд нэг ажил өгнөө гэдэгийн. Тэгээд чи хө оготныг нь хайрлаад, хулганыг нь алаад байх юм. Ингэхэд оготно, хулгана хоёр юугаараа ялгаатайг олж мэдээд хэлж өгөөрэй гэлээ. 
       Тэр цагаас хойш би хулганаа ч алахаа байгаад, харин тэднийг ажиглаж юугаараа ялгаатайг нь олох гэж зунжингаа юм болов. Олон цөөн, том жижиг, нүд шүд гээд л өчнөөн ялгааг нь хэлээд л очно, тэр болгонд л өвөө маань бишээ л гэнэ. Тэгж тэгж оллоо. Сүүлтэй сүүлгүй хоёр байна, чихтэй чихгүй хоёр байна шүүдээ гэлээ. Өвөө маань ч баярлаж, тиймээ хүү минь гээд, Монголчууд маань амьтаны нэрийг өгөхдөө маш оновчтой өгдөг байжээ гээд 
                              Оготор сүүлтэй болохоор нь Оготно гээд, 
                              Хулгар чихтэй болохоор нь Хулгана гэж нэрлэсэн юм гэж билээ. 
 Ингэж л би амьтанд дуртай болж, тэднийг ажиглан судлаж, анхаарч хардаг болсиймдаа.