Friday, March 27, 2015

Мөнгөн усаа гэж...


      Мөнгөн усны тухай монголчууд бидний мэдлэг үнэн өрөвдөлтэй. Мөнгөн устай бид өдөр тутам харьцаж, амьсгалж холилддог хэрнээ бүүр анзаарах ч сөхөөгүй болтлоо тоохоо байж. Ямар сайндаа Хонгор суманд мөнгөн ус алдагдаж хордлого нь нөлөөлөхүйц хэмжээнд мэдэгдээд ирхэд ч тэр, нийтээрээ хамуурсан ухааны юм яриад байж байхав. 
       Би энд мөнгөн усны тухай улиг болсон хэдхэн мэдээллийг дамжуулах гэсэнгүй. Хэнч урд нь хэлж ярьж байгаагүй сониноос хуучлах болно. 
       Мөнгөн ус байгал дээрээ маш бат бөх нэгдэл бүхий хоргүй хэлбэрээр оршиж байдаг. Энэхүү бодисыг хүн болгон мэдэх боловч аж ахуйдаа эртнээс нааш хэрэглэж ирсэн юм. Түүнийг усанд уусган найруулж хашаа хороогоо будах, бөс даавууг өнгө оруулах тэр ч байтугай оо энгэсэгэнд хэрэглэж хацар амаа гоёдог байлаа. Нэг бяцхаан түүх өгүүлэе. Их хэлмэгдүүлэлтийн үед Заяийн хүрээний хадан дээр зурсан бурханг арилгах төвөгтэй даалгаварыг хэн ч биелүүлж чадаагүй байна. Яаж ч хусаад, угаагаад байхад тэрхэн үедээ арилдаг ч гэсэн бороо оронгуут эргээд л дурайгаад гараад ирдэг болохоор нь сүүлдээ тэгэсгээд орхисон гэдэг.  Хааяагүй тааралдах хадны сүг зурагын заримыг нь мөн л өнөөх алдарт улаан будгаар будсан учир гуч дөчин мянган жил нар салхи, бороонд нүдүүлсээр байвч аанай дурайсаар л байх. 
       Хэдэн зуун жил хөгжсөн Түвдийн анагаах ухаанд ч мөнгөн усыг хэрэглэсээр өдийг хүрэв. Монголчууд ч түвдийн анагаах ухааныг өөрийн хувилбараар өөрчлөн нэвтрүүлэхдээ ч мөнгөн усыг нь гээсэнгүй. Тэрхүү алдартай бат бөх нэгдэл нь Хүхэрт мөнгөн ус байлаа. Хүхэрт мөнгөн ус нь байгал дээр хортой хоргүй гэсэн хоёр хэлбэрээр байх ба улаан хар гэсэн өөр өөр өнгөтэй байдаг. Хоргүй гэгдэх улааныг нь бид будаг шунханд ашиглахаас гадна анагаах ухаанд зөвхөн гадуур хэрэглэдэг байж. Уламжлалт анагаах ухаанд дотуур хэрэглэхдээ хортойг нь хоргүй болгож хэрэглэдэг. Идээ бээр болсон бүхийл өвчинд мөнгөн усыг хэрэглэдэг байлаа. Олон хүний ууж байсан танил эмэнд энэ нэгдэл ордог боловч одоо бол нэрийг нь сонсоод л айж найрлагаас нь хассан хэрэг. 
      Нэг удаа манай лабораторт английн эрдэмтэн хэсэг ажилласан юм. Тэрээр  ямар нэгэн юм хайн миний шкафийг онгойлгонгоо дуу нь хачин болоод л шилтэй мөнгөн ус руу заагаад,  Хэр удаан энд байсан бэ? гэв. Би ч хэдэн жил болж байгаа байхаа гэсэн чинь царай нь хачин болоод л одоохон наадхаа гаргаж бул гээд л тэмдэг тавин булуулж билээ. Тэнэгийн дотор уужуухаан гэдэг л болж хөглөж байснаа бодоход ичмээр.  Тэгэхээр мөнгөн ус нь маш хортой бөгөөд чухам яаж хордуулдаг талаар жаахан тайлбарлая. Цэвэр мөнгөн ус нь маш их ууршимтгай шинж чанартай эд. Тиймдээ ч ихэнхи нь амьсгалын замаар үлдсэн хэсэг нь арьсаар нэвчин ордог. Ороод тэд яах вэ гэвэл хамгийн түрүүнд өөрийн хосгүй хань болох хүхэртэйгээ нэгдэхийг хичээнэ. Ядаж байхад хүний биеэр дүүрэн хүхэр байна. Хүний эд эс нь уураг амино хүчлээс бүрдэх авч тэдний цистин, цистеин зэрэг хүхэр агуулсан амино хүчлүүдийн хүхэрүүдийг бүдүүлгээр хэлэхэд суга суга татаад авнаа гэсэн үг. Үүний үр дүнд мэдээж эд эсүүд үхэж эхэлнэ. Идээ бээр болох нь бүүрч тодорхой. Арьсанд ингэж нөлөөлөх юм чинь ихэнхи нь шингэдэг уушиг яах нь бүүр ч аймаар. 
      Нөгөөх хоргүй мөнгөн ус чинь усаар дамжин ургамал модонд шимэгдэн анзаарагдахын аргагүй бага хэмжээтэйгээр оршин байдаг. Гагцхүү өндөр температурт түлж шатаах үед нөгөөх бат бэх нэгдэл маань задарч чөлөөт мөнгөн ус бий болох нь тэр. Бидний мэдэх нүүрс маань мөн л мод ургамлаас гаралтай эд. Тэгэхээр өвөл болоход Улаанбаатарт маань хэдий хэр чөлөөт мөнгөн ус ялгардагийг тооцоолоё. Нэг өрх жилдээ дунджаар 5 тонн нүүрс, 5 шоо метр мод шатаадаг бол нөгөө хэдэн цахилгаан станцууд чинь 5 сая тонн нүүрс шатаадаг юм байна. Үүний үр дүнд агаарт 260 мянган тонн бохирдуулагч бодис цацагддагаас ердөө 38 кг нь гайхал Мөнгөн ус байдаг байна. Харахад бага ч гэсэн энэ аймшигтай тоо юм. 1грамм мөнгөн ус нь 10-20 га газарыг амьтан ургамалтай нь бүрэн хордуулах чадалтай гэхээр Улаанбаатарыг маань хэд дахин хордуулах хор ялгарч байнаа гэсэн үг. 
      Ийм агаартай байхад чинь бид яаж ч эрүүл амьдрахав дээ! Японы эрдэмтэд Улаанбаатарын хүүхдүүдийн үсэнд мөнгөн усны шинжилгээ хийсэн нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин гарсан нь үүнийг батлах мэт...
      Бас нэгэн сонин дуулгахад хотын утааг арилгах нэрийн дор хэдэн зуун тэр бум төгрөг зарлагаддагыг мэдэх байх. Гэтэл энэ нь тун харалган бодлого болох нь тооцооноос харагдана. Үнэхээр л хулхин дээр цэцэг ургуулна гэдэг л энэ байх. Учир юун гэвэл манай хотын агаарын бохирдлын 90 гаран хувийг өнөөх цахилгаан станцууд гаргадаг гэвэл тэр их мөнгийг 10 хувийн төлөө биш 90 хувийг багасгахийн төлөө зориулсан бол зүйд нийцэх байсан хэрэг. Би энд агаарын бохирдлийг бий болгогч бусад хүчин зүйлүүдийг огтоос дурьдаагүй байхад байдал нэг иймэрхүү байндаа.
      Мөнгөн усны тухай тун товчхон өгүүлэхэд нэг ийм сонинтой.