Thursday, March 10, 2016

Миний эмээ.

       
      Миний эмээг Дэнсмаа гэдэг. 13 хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай хүн. Бага байхад өвөө маань эмээгийн талаар бараг л үлгэр домог шиг л юм ярьдаг байлаа. Хар багаасаал нагац ахаасаа хүн эмчлэх ухаанд суралцан 18 хан настайдаа нутаг усандаа алдартай анагаах шидтэн хэмээгдэж байжээ. Манайх Хоолтын голоор нутаглана. Өөр хошуу нутгаас ч хүмүүс эмчлүүлэхээр тугалтай үнээ хөтлөн манайхыг бараадан зусдаг байж. Хамгийн гол эмчилдэг байсан өвчин нь тэмбүү гээч идээ бээр болсон өвчин байдаг байж. Түүнд хэрэглэдэг эмний гол найрлага нь орон доогуур байх ааруулын тавцан аятай юман дээр ургах сүм суврага аятай гозойх хөгз мөөгнөөс бүрддэг байж. 
      Эмээ маань ганц хүн эмчлээд байсангүй, эмийн түүхий эдээ өөрөө бэлдэж ан ав хийдэг эрэлхэг нэгэн байж. Тэгэхээс ч аргагүй юм. Учир нь дээрээ таван ахтай байсан бөгөөд тэднийг Халх даяар алдартай халхын таван Хар гөрөөчин гэдэг байж. Эмээгийн аавыг Мэргэн Хамба Гомбо гэх ба нутаг усандаа алдартай номтой хүн байсан гэдэг. 
      Эмээ маань өвс ургамлаа түүж хатаах, хадгалж ариглах гээд маш нарийн их ажилтай байсан гэдэг. Эмийн ургамлын үндэс авах ажлаа зуны дэлгэр цагаас л бэлдэж эхэлнэ. Тусгайлан бэлдсэн нарийхан саваануудыг цэцэглэж байхад нь тэмдэг тавин зоож намар болоход өнөөх тэмдэгээрээ үндсээ олж авна. Олон төрлийн цэцэг түүх авч ерөөсөө наранд хатаахгүй зөвхөн сүүдэр газар хатаана. За тэгээд ганц цэцэг ногоог эмэнд хэрэглэх биш элдэв чулуу шороо цуглуулах, амьтны гаралтай түүхий эдээ олох гээд бүхийл ажлаа өөрөө хийдэг байж.
        Баавгайн цөсийг олж авахын тулд ах нартаа ердөө захьдаггүй өөрөөл агнаж авдаг байжээ. Учир нь баавгайг шууд алж авбал цөс нь жоохон байх учир сайн гээч нь уурлуулж байж агнадаг байсан гэдэг. Тэгэхийн тулд баавгайгаа дутуу буудан шархдуулаад араасаа хөөлгөдөг байсан байна. Өөрөө ч бүдүүн модонд авиран гарч шархадсан баавгайг хүлээнэ. Уурлаж шархадсан баавгай өнөөх модруу нь авирхад жижиг сүхээрээ хумснуудыг нь тас тас цавчиж унагаан жаал байсны эцэст алж цөсийг нь авхад бүтэн жилдээ хүрэх цөстэй болдог байсан байна. Хэрвээ жирийн баавгайг шууд алаад авсанаас 10 дахин том цөс гардаг тул ах нараа гуйдаггүй нь тэр байжээ. Тэр ч хэмжээгээр амьтны амь хэмнэдэг байж. ..
        Бугын цусан эвэр цуглуулах ажлыг мөн л нэг ч бугын амь хороолгүй цуглуулдаг байжээ. Эмээ маань аанайл ганцаараа ууланд гаран аль болох олноороо байх бугын сүрэгийг ус өвсийг нь уулгаж идүүлэлгүйгээр хойноос нь битүүхэн дагаж долоо хоноход цусан суулга гээч болж явж чадахаа больдог аж. Энэ үед нь эвэрийг нь тайрч аван суурийг нь лайдаж дахин хэд хоног өнөө хэдээ чоно нохойд идүүлэхээс хамгаалж босож чаддаг болохоор нь орхидог байсан гэдэг.

         Эмээгийн маань авга ах нь бас л тэр хавьдаа алдартай бөө байсан гэдэг. Урт сахалтай, ширвээ хар хөмсөгтэй баатар шиг л хүн байсан гэж аав маань хуучилдаг байлаа. Жижиг чулуу авч няцлаад л ялаа алаад байдагийг нь харах гэж тэднийхээр их очдог байсан гэдэг. Авга ах нь эмээг удган болгох гэж байнга л хэлдэг байж. Тэгэх болгонд нь эмээ маань би тэртээ тэрэнгүй хүн зонд тус хүргээд явж байгаа юм чинь би удган болохгүй гээд л учирладаг байсан гэдэг.
         Эмээгийн том ахыг Бадарч, удаах ахыг нь Алаач Шарав, дараах ах нарыг нь Их бага Далантай гэх ба бага ахыг нь Бадамжав гэдэг байжээ. Энэ таван ахынх нь талаар яривал ёстойл үлгэр домог шиг л юм сонсогддог байж билээ. Зах зухаас нь санаанд орсоноос нь л жаал сонирхуулдиймуу...
          Хар гөрөөчин гэдэг бол манай овгийнхны хувьд анчинд өгдөг ЦОЛ байсийм шиг байгаам. Энэ талаар судалж үзээгүй учир өөр газар нутагт хэрэглэдэг талаар мэдэх юм алга. Хар гөрөөчин болохын тулд заавал таван хар амьтан агнах ёстой. Тэдгээрт хар тарвага, хар үнэг, хар чоно, хар янгир орох ба эцэст нь хар баавгай буюу сүүлт гургалдай гээч амьтадыг агнаж байж авдаг цол байсан байна.Эдгээр амьтадыг хаа хаанаас алах нутаг орныг нь зааж өгдөг байснаас гадна хамгийн хүнд даалгавар нь Сүүлт гургалдай алах явдал байсан гэдэг. Судлаач Бадамхатан гуайн дурсамжинд Хөвсгөлийн дархад түмний дунд сүүлт гургалдай хэмээх амьтан байдаг тухай хуучилсаныг нь хожим уншаад их л олзуурхаж билээ. Тэрнээс биш сургууль соёлд орсон цагаасаал энэ амьтны талаар амьтан хүнээс асуувч юуч олж эс чадна. 
Үргэлжлэл бий.
     

No comments: