Saturday, January 24, 2015

Цусны даралт ихсэнээ гэдэг...


                         
          Цусны даралт ихсэнээ гэхээр Артерийн гипертензи гээд л гадаад нэр ус дурдаад л тайлбарлах гэсэнгүй. Ихэнхи хүн аливаа үзэгдэлийг тайлбарлахдаа том том онол яриад л байхад яагаад тэгсэнгүй вэ гэж магад. Энэхүү үзэгдэлийг тайлбарлахын өмнө бяцхаан түүх өгүүлсү.
          Оюутан ахуйн үед минь хүндлэж явдаг хэдэн хүний нэг нь доктор Лхагваа багш маань байв. Нэгэн удаа бидэнд сонин асуулт тавьлаа. Хариулж чадах хүн нэг ч байсангүй. Бид асуултыг мэдээд байгаа хэрнээ ганц ч үг хэлж чадсангүй. Лазер гээч юмыг малчин хүнд хэн ойлгогдохоор хэлэх вэ? гэсэн асуулт байв. Хэрвээ чи аливаа үзэгдэлийн мөн чанарыг ойлгосон юм бол мэдлэгийн өөр өөр түвшиний хүмүүст тайлбарлаж чаддаг байх ёстой гэсэн юм. Малчин хүнд нэг янз, ажилчин хүнд бас нэг янз, сэхээтэн болон мэргэжлийн хүнд бас л нэг янзаар тайлбарлах боловч хэрвээ бүх түвшний хүмүүс холилдсон үед бүүр ондоогоор тайлбарлах хэрэг гардаг. Энэ лугаа би тэрхүү Цусны даралт ихсэх гээч юмыг олны дунд тайлбарлах гэж оролдоё.
          Энэхүү үзэгдэлийг тайлбарлахын тулд энгийн жишээ авьялдаа. Шинэхэн барьсан 5 давхар байшин байлаа гэж бодоё. Үүнийгээ бид эрүүл чиирэг хүн байна гэж зүйрлэе. 5-р давхрын айлд ус хүргэхийн тулд зохих хэмжээний чадалтай насос тавьж өгөх ба ус дамжуулах хоолой трубанууд нь цэвэрхэн сайхан гэж жигтэйхэн. Хүнээр бол хамгийн дээд давхар болох тархинд ус гээч цусыг труба гээч судсаар, зүрх гээч насосоор шахах нь эрүүл чийрэг хүний хувьд цоо шинэ байшин шиг ямарч асуудалгүй байх болно. Гэвч 20 жилийн дараа байдал биш болноо. 5 давхрын айлаас ус гоожихоо болих нь тэр. Нөгөө сайхан шинэ трубанууд нь зэвэнд идэгдэн дүүрч 20мм байсан хөндий нь 2мм хүртлээ бөглөрснөөс болж насосны маань хүчин чадал хүрэхээ байжээ. Сантехникийнхэн ч үүнийг мэддэг учир дор нь л нэг илүү чадалтай насос тавиад л асуудлыг шиидчихнэ. Ашгүй 5 давхар устай болно. Гэхдээ бас асуудал гарнаа. Том насос өндөр даралтаар усыг шахахад хуучирч муудсан трубанууд даралтыг нь тэсэлгүй энэ тэрүүгээр хага үсэрч ус алдаж сандаргана. Трубаг бол засчихдаг юм байж, харин хүний хувьд байдал нилээн хүндрэлтэй болдог. Тархинд цусыг саадгүй хүргэхийн тулд бөглөрч муудсан судасны асуудлыг зүрх маань амархаан шийдчихнэ. Өмнө нь ажиллаж байсан хүчин чадлаа жаахан нэмээд л болоо. Гэтэл бас л асуудал гарна. Өндөр ачаалалтай ажиллаж байгаа зүрх маань ядарна, өөх тосонд бөглөрсөн судас маань шахах даралтыг нь дийлэлгүй энд тэнд хагарчих гээд айлгана. Бидний хэлж заншсанаар бол цус харвах гээч үзэгдэл. Үүнээс үүдэлтэй дараагийн сонин сонин шинжүүд илэрч эхэлнэ. Тархинд цус бага хэмжээтэй очсоноор мартах гээч шинэ эмгэгтэй болно. Ингээд цааш нь тайлбарлаад л байвал яваад л байх болно. Дараа би Тархи гээч яадаг эд вэ, яагаад мартдаг талаар тайлбарлахыг хичээнээ.

No comments: