Saturday, January 24, 2015

Оготно Хулгана хоёр юугаараа ялгаатай вэ?

       Тээр жил манайх Туул голын эрэг бараадан зусч билээ. Одоо бодоход морин жилийн их үерийн өмнөх жил байсиймуудаа. Халуун гэж жигтэйхэн.Хаашаа л харна газар дэлхий царцаа голио, хулганаар буцалж байнуу гэмээр элбэг. Их үерийн өмнөх жил ингэдэг ч байсиймуу бүүмэд.              
       Манайх Төв аймгийн Баянзүрх суманд данстай. Манай сумын дарга хар хэмээх хочтой Бугын Дэжид гэж хүн байлаа. 
                            Сумхүү даргын үед сууж байсан нэгдэлдээ, 
                            Дэжид даргын үед дэгжиж байгаа нэгдэлдээ
 гээд л хөгшин хөвөөгүй дуулаад эхэлтэл дарга маань ч Төв Хороонд очиж, хожимоо манай сум ч газарын зургаас хусагдсан юмдаг. Өвөө маань Төлөө бригадын дарга. Сарын цалин нь 75 төгрөг. Эмээ маань Төлөө бригадын саальчин. Сарын цалин нь 36 төгрөг. Хойч үед маань сонин байх боловуу хэмээн баахан нуршив. 
        Саалийн фермийн ажил цаг нар гэж байхгүй. Өглөө гурван цагт босч, эмээдээ тугал татаж өгнө. Үхрийн шинэхэн баасруу хөлөө хийж дулаацуулдаг тухай нэг зохиолд гардагдаа, тэр үйл явдал жинхэнээрээ давтагдана. 
       Саалийн цаг дуусч, эмээгийн бэлдсэн аягатай хусам, боорцог тэргүүтнийг идэж аваад миний үндсэн ажил эхэлнэдээ. Юм л бол анчин болж тоглоно. Хулгануудыг ч яаж л бол яаж ална.
Сайхан өвчөөд , жижиглэж эвдээд түлээний модон дээгүүр ярайтал өрнө. Үүнийг харсан эмээ маань учиргүй загнадагсан. Харин өвөө маань олон таван юм хэлэхгүй, энэ золигыг яаж ингэхийг нь болиулъядаа гэсэн шиг дургүй талдаа гаансаа зуун алхана. 
       Манай ачаан доогуур хоёр ам цагаан оготно амьдарна. Ачаатай цуг ирсиймуу, ирсэн хойно ачаан доогуур орсиймуу бүүмэд. Тэр хоёртой бол би их найз. Хааяа боорцогноосоо хуваалцана. Гэтэл нэг удаа өвөө маань , чамд нэг ажил өгнөө гэдэгийн. Тэгээд чи хө оготныг нь хайрлаад, хулганыг нь алаад байх юм. Ингэхэд оготно, хулгана хоёр юугаараа ялгаатайг олж мэдээд хэлж өгөөрэй гэлээ. 
       Тэр цагаас хойш би хулганаа ч алахаа байгаад, харин тэднийг ажиглаж юугаараа ялгаатайг нь олох гэж зунжингаа юм болов. Олон цөөн, том жижиг, нүд шүд гээд л өчнөөн ялгааг нь хэлээд л очно, тэр болгонд л өвөө маань бишээ л гэнэ. Тэгж тэгж оллоо. Сүүлтэй сүүлгүй хоёр байна, чихтэй чихгүй хоёр байна шүүдээ гэлээ. Өвөө маань ч баярлаж, тиймээ хүү минь гээд, Монголчууд маань амьтаны нэрийг өгөхдөө маш оновчтой өгдөг байжээ гээд 
                              Оготор сүүлтэй болохоор нь Оготно гээд, 
                              Хулгар чихтэй болохоор нь Хулгана гэж нэрлэсэн юм гэж билээ. 
 Ингэж л би амьтанд дуртай болж, тэднийг ажиглан судлаж, анхаарч хардаг болсиймдаа.

No comments: